Эрүүний ясны шүд байдаг хэсгийг түүшин сэртэн (alveole) гэж нэрлэдэг. Хүн шүдтэй байж, шүдээрээ юм зажилж зулгаан идэж эрүүний яс ба түүшин сэртэн хэвийн хэмжээтэй оршиж байдаг. Удаан шүдгүй явсаар, эсвэл авагддаг хуванцар шүд удаан зүүснээр эрүүний яс хатингаршин шүдний имплант суулгах боломжгүй болсон байдаг.
Ясныхаа байдалд баригдан хэт богино, эсвэл хэт нарийхан имплант суулгах нь имплантны насжилт багасах магадлал их тул зарим тохиолдолд эрүүний ясыг мэс заслын аргаар хиймэл ясаар нөхөж ясыг өндөрсгөх, өргөсгөх боломжтой юм.
Яс нөхөх хагалгаанаас татгалзсанаар үйлчлүүлэгчийн өөриин ясны шимэгдэх процесс цаашид үргэлжлэн, бусад шүдний байдалд нөлөөлөхөөс гадна яс нөхөхөд гарах хүндрэл ихсэх магадлалтай болохоос гадна авагддаг хиймэл шүд зүүхэд хүртэл хүндрэлтэй болдог байна.
Нарийссан, хатингаршиж шимэгдэн байхгүй болсон эрүүний ясны хэмжээг 2 аргаар ахиулдаг. Хэмжээ гэж урт өргөн, зузааныг заасан хэмжээсийг хэлнэ.
- Эрүүний ясыг цуулан түлхэх замаар (Bone spreading)
Эрүүний ясыг голоор нь цуулан, өргөсгөх замаар тухайн эрүүний нарийссан түүшэн сэртэнг ихэвчлэн өргөсгөж болдог. Энэ нь гэхдээ дор хаяж 4 мм ясны өргөн шаарддаг, учир нь байгаа юмыг өргөсгөнө үү гэхээс, байхгүй хэт нарийхан ясыг өргөсгөх боломжгүй юм. Ихэнхдээ доод эрүүний араа шүдний орчмын түүшэн сэртэнг ингэж яс цуулан цуулсан ясаа 2 тийш түлхэх замаар өргөсгөдөг
Ингэж өргөсгөсөн ясандаа имплантаа шууд суулгаж болдог. Төсөөлөхөд аймар санагдаж болох ч хэрэг дээрээ хүнд ямар нэгэн илүү өвдөлт зовиур байхгүй, имплант суулгаж байгаагаас ялгаагүй процедур болдог.
Эрүүний я түүшин сэртэнг нөхөх замаар байхгүй болсон ясыг бий болгох арга, англиар GBR- guided bone regeneration гэж нэрлэдэг ба удирдлагатайгаар яс нөхөн сэргээх гэсэн утгатай үг юм. Удирдлагатайгаар гэдэг нь нөхсөн ясныхаа гадуур тусгай мембран тавин, гадуур нь буйлаа оёдог. Тэр тавьсан мембраны чиглэл ба хэмжээсээр яс нөхөх сэргэгддэг тул guided буюу удирдаж чиглүүлж байна гэсэн үг. Мембраны тусламжтайгаар хиймэл яс биенд тархан алга болохоос сэргийлэхээс гадна, хүний буйл ясыг түрж ургахаас сэргийлдэг. Дотроо:
- Шимэгддэг ба
- Шимэгддэггүй гэж 2 янз байдаг.
Шимэгддэг мембраныг гахай үхрийн зөөлөн эдээс гаргаж авдаг ба энэ мембран нь хүний биенд бүрэн уусаж алга болдог тул мембран авах 2 дахь хагалгаа шаардлагагүй.
Шимэгддэггүй мембраныг ихэнхдээ титанаар хийдэг тул ба 4-6 сарын дараагаар жижиг зүслэх хийн авах шаардлагатай байдаг. Энэ төрлийн сүүлийн үеийн смарт мембран нь шимэгддэг мембранаасаа илүү амжилттай, илүү их сайн чанарын яс нэмэлтээр үүсэхэд дөхөм болдог.
Яс нөхөх хагалгааг 2 аргаар хийдэг:
- Импланттай цуг
Зураг дээр имплантаа суулган, гадуур нь хиймэл ясаар яс нөхсөн байдал харагдаж байна.
- Имплантын өмнөх үе шат болгож .
Зураг дээр эхлээд ясаа нөхөөд, дараа нь имплантаа суулгасан байдал харагдаж байна.
- Тохиолдолд хиймэл яс суулгаснаас хойш 3-6 сарын хугацаанд хүлээх тактик баримталж ясаа эдгээгээд имплантаа суулгадаг.
Манай эмнэлэгт яс нөхөх зорилгоор БНСУ-ын A-Oss ба Q-Oss төрлийн мөн Германы хиймэл ясыг хэрэглэж байна.
Дээрх хиймэл ясыг хэрэглэх үед хүний өөрийн ястай хольж хэрэглэвэл яс ээнэгшиж үүсэх нь сайн талтай тул яс өргөсгөх хагалгааны үед таны амны хөндийн өөр нэг газраас жижиг цоолон бага зэрэг яс авдаг. Ихэнхдээ дээд/доод эрүүний арааны ард тал ба/эсвэл доод эрүүний ооч хэсгээс авдаг.